Menu

Tuesday, 28 October 2014

                                    2 настай хүүхдийн насны онцлог
ТАНЫ ХҮҮХЭД                        /2 нас/   Жаран чавганцын нас/

Таны хүүхэд хэлд орж, явж чаддаг болсноор түүний танин мэдэхүйн хөгжилд их өөрчлөлт орно. Тухайлбал: олон зүйлийг мэддэг болно. Нэрлэж чадна. Сонссон бараг бүх үг, өгүүлбэрийг ойлгоно. 1-2 өгүүлбэрээр ярина. Тоглоомыг их сонирхоно. Тоглоомыг сонгож байгаа байдлаар нь хүйсийн ялгааг мэдэж болно. Эрэгтэй хүүхэд төрөл бүрийн машин, буу зэрэг техникийн тоглоом сонирхдог бол охин хүүхэд хүүхэлдэй, амьтан, бөмбөг сонирхоно. Иймд эцэг эхчүүд тоглоом авч өгөхдөө хүүхэд тань ямар тоглоом сонирхдогийг нь бодолцохын хамт хүүхдийн зан төлөвт сайнаар нөлөөлөх тоглоомыг авч өгөх нь зүйтэй. Өөрийнхөө тоглоомыг бусадтай хуваалцах дургүй гарт нь багтахгүй ч байсан тоглоомоо бусдад өгөх тийм ч дуртай биш.
Юмсын хэмжээ, хэлбэр, зориулалтыг мэднэ. Жишээ нь: энэ том машин, тэр жижиг. Халбагыг хоол идэхдээ хэрэглэдэг гэхчилэн өөрийн хэрэглэдэг зүйлийнхээ зориулалтыг мэднэ. Томчууд ялангуяа аав, ээж, эмээ, өвөө зэрэг ойр дотны хүмүүс нь зурагтай ном үзүүлж байгаад утгыг нь ярих эсвэл үлгэр ярьж өгөхөд маш их баярлаж, анхааралтай сонсоно, ойлгоно. Тэр ч байтугай номоо тэдний өмнө аваачаад ном руугаа заагаад ярьж өгөхийг шаардана. Иймд эмээ, өвөө, ээж, аав нар аль болох цаг заваа гаргаж ач зээдээ сонирхолтой, тод өнгөтэй зурагтай ном авч өгч ярьж байх нь зүйтэй. Энэ нь багаас нь хүүхдийн танин мэдэх, сонирхол хэрэгцээг хангаж, мэдлэг төсөөллийг хөгжүүлэхэд тун хэрэгтэй. Харандаа бариад цаасан дээр хамаагүй сараачна. Үүнийг нь эцэг эхчүүд нь хорьж болиулах, зураг зурах болоогүй гээд харандаа,  будгийг нь хурааж авч болохгүй. Сараачиж эрээчих нь хүүхэд зураг зурахын эхлэл гэж сэтгэл зүйчид хүлээн зөвшөөрдөг. Өнгийг нэрлэж мэдэхгүй. Харин сайн зааж өгвөл тогтооно. Өөрийнхөө насны хүүхдийг сонирхоно. Юу хийж байгааг нь харж зогсох дуртай. Телевизийн нэвтрүүлэг тэр дундаа байнга сонсдог дуучид, хүүхэлдэйн киног анхааралтай “шимтэн” үзнэ. Бие даах чадварын эхлэл тавигддаг. Жишээ нь, халбагаа бариад хоолоо өөрөө идэж чадна. Захиран тушаах өгүүлбэрийг сайн ойлгоно. Энийг аваад ир, тэрийг аваад ир гэх мэт үгийг сайн ойлгож хариу үйлдэл үзүүлнэ. Түүнийг аваад ир гэхэд биелүүлж байвал “сайн байна” гэж магтан сайшаах хэрэгтэй. Юу хүсч байгаагаа үгээр илэрхийлж тусламж гуйна. Томчууд хүүхэдтэйгээ “Сайн уу?”, “Баяртай”, “Баярлалаа” гэдэг үгийг гарын дохио, сэтгэл хөдлөлтэйгээр хавсарч байнга хэлж байвал хүүхэд багаасаа хүнтэй мэндэлдэг хүн юм өгвөл баярлалаа гэх мэт үгийг амьдралдаа байнга хэрэглэдэг дадал хэвшилтэй болно. Өөрийнхөө нэр, өхөөрдөж өгсөн нэрээ хэлж чадна. Энэ насанд болох, болохгүйн тухай ойлголттой болсон байдаг тул “Болохгүй” гэдгийг сайн ойлгуулж мэдрүүлж сургавал хүүхэд болохгүй гэсэн зүйлийг дахин хийхгүй. Гоё сайхан, муухай юмыг ойлгодог, түүнийгээ “Гоо-гоо”, “Гоёоо”, “Баа-баа” гэсэн үгээр илэрхийлдэг.
Хүүхэддээ туслах арга:
·         “Энэ юу вэ? Тэр юу вэ? Хаана байна?” гэх мэтчилэн байнга асуулт тавьж харилцан ярилцаж байх нь хүүхдийн ойлгох, бодох чадвар, ярьж сурахад хэрэгтэй төдийгүй танин мэдэх сонирхол, сониуч зангий нь хөгжүүлэхэд ач тустай. Иймд хүүхэддээ асуулт тавь.
·         Асуултанд хариул
·         Харилцан ярилц. Шинэ үг зааж өгч байгаа бол аль болох бодит зүйл дээр нь тулгуурлаж харуулж, зааж байгаад хэлбэл амархан тогтоож мартахгүй.
·         Хоолоо идэх, бие засах, хувцсаа өмсөх, дуртай тоглоомоо авах зэрэг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хэрхэн яаж илэрхийлэхийг нь зааж өгөх.
·         Хүүхэд тань таниас тусламж гуйвал заавал биелүүлж байхыг хичээх.
·         Хүүхдийг үеийнх нь хүүхдүүдтэй хамт байлгахыг дэмжих, энэ нь бусдынхаа үйл хөдлөлийг ажиглан, тэдний яриаг чагнан бусад хүүхэдтэй харьцаж сурахад хэрэгтэйг мэдэх.
·         Хүүхэддээ ном үзүүлж, ярьж байхдаа сэтгэл хөдлөлтэйгээр ярихын зэрэгцээ “Үнэг ямар өнгөтэй байна, энэ хүүхэд сайн хүүхэд үү? Муу хүүхэд үү?” гэх мэт өөрт нь тохирсон асуултыг тавьж харилцан ярьж байх.
·         Номын хуудсыг хүүхдээр өөрөөр нь эргүүлж байлгах.
·         Хүүхэддээ аль болох зурагтай, том, өнгөтэй хатуувтар хавтастай ном авч өгөх.
·         Үлгэр ярьж байхдаа хүүхдийнхээ анхаарлыг татахын тулд сэтгэлйин хөдлөл бүхий дуу, хоолойны өнгө аясыг өөрчлөж ярих нь хүүхэд ойлгоход иүү нөлөөтэй.
·         Хүүхдээ хөгжүүлэх туршилт, дасгал хийж болно. Жишээлбэл, ширээн дээр эсвэл шалан дээр 3, 5 тоглоом сонгоод хүүхдийнхээ өмнө тавь. Эдгээр тоглоомыг хүүхдээр хэдхэн хором ажиглуулж харуулаад нүдийг нь аниул. Нэг тоглоомыг нь аваад ямар тоглоом байхгүй байгааг асуу. Хүүхдийг байхгүй болсон тоглоомоо сайн санадаг болтол тоглоомынх нь тоог нэмэн хэд хэдэн удаа тоглуулж болох шүү дээ.

·         Өнгө өнгийн харандаа өгч хүүхэддээ өнгийг нь хэлж ялгуулах.

No comments:

Post a Comment